"ХАВДАР СУДЛАЛ" СЭТГҮҮЛ
ХАМТДАА ХӨГЖСӨН 65 ЖИЛ
Эрхэм хүндэт эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид та бүхэнд “ХАВДАР СУДЛАЛ” сэтгүүлийн 2026 оны шинэ дугаарыг толилуулж байгаадаа сэтгэл хангалуун байна. Тус сэтгүүл нь Монголын хавдар судлалын салбарт хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээнд нэвтэрсэн инноваци, шинэ технологи, эмнэлзүйн ховор тохиолдол, хавдрын сувилахуйн судалгааны бүтээлүүдийг уншигчдад хүргэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа хуваалцдаг нэр хүндтэй талбар болж ирсэн билээ.
Эдүгээ шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, хоол тэжээл, амьдралын хэв маягийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн улмаас хорт хавдрын өвчлөл, нас баралт жилээс жилд өсөж, ойрын жилүүдэд буурах хандлага ажиглагдахгүй байна. Эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын уйгагүй хөдөлмөр, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлснээр хавдрын тусламж үйлчилгээнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаа ч шийдэл хүлээсэн асуудал олон байсаар байна. Хорт хавдар нь дэлхий даяар хүн төрөлхтний өмнө тулгараад буй эрүүл мэндийн хамгийн том сорилтуудын нэг хэвээр байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхэд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, хяналтын цогц бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал байр суурь эзэлж байна.
Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн хөгжсөний 65 жилийн ойд зориулсан «Хамтдаа хөгжсөн 65 жил: Урьдчилан сэргийлэлт, инноваци, хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын ирүүлсэн мэс засал, туяа болон системийн эмчилгээний шинэ арга, технологийн үр дүнг тусгасан 26 судалгааны өгүүлэл, 26 эмнэлзүйн ховор тохиолдлын танилцуулга, хавдрын сувилахуйн 8 судалгааны өгүүллийг энэ дугаартаа нийтэлж байна. Ялангуяа оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлэх, эмчилгээний оновчтой төлөвлөгөөг богино хугацаанд боловсруулах, их өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд хиймэл оюун ухааны шийдлүүдийг нэвтрүүлж буй нь салбарт чанарын шинэ үсрэлт авчирч байна. Технологийн энэхүү дэвшил нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үе шатанд илрүүлэх, хувь хүнд чиглэсэн эмчилгээг илүү үр дүнтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Энэ ялдамд хавдар судлалын салбарын судалгаа, шинжилгээний ажилд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулан бүтээлээ ирүүлсэн нийт эрдэмтэд, судлаачид, мөн сэтгүүлийн энэ дугаарыг бэлтгэн хэвлэхэд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Монголын хавдар судлаач эмч нарын нийгэмлэг, редакцийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Бидний ойрын хугацаанд тавьж буй зорилт бол салбарын судалгааны чадавхыг бэхжүүлж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг сайжруулан, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, бодлого боловсруулж, шийдвэр гаргахад нотолгоо, үндэслэл болгон ашиглахад оршино.
Ц.БАТБОЛД,
АУ-ны доктор, профессор
Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
Сэтгүүлийн ерөнхий редактор
2026 он
“ХАВДАР СУДЛАЛ” Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2026 он
Хамтдаа хөгжсөн 65 жил: Эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал
2021 оны 12-р сарын 14-16
Улаанбаатар хот
Хавдар судлалын алба үүсэн хөгжсөний 60 жилийн ойд зориулав.
“ХАВДАР СУДЛАЛ” Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2025 он
Хавдар судлалын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний XIX бага хурал
2025 оны 10-р сарын 16-17
Улаанбаатар хот
“ХАВДАР СУДЛАЛ” Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2024 он
Хавдар судлалын тулгамдсан асуудал 2024: Эрдэм шинжилгээний хурал
2024 оны 10-р сарын 13
Улаанбаатар хот
Цээжний хөндийн мэс заслын тасгийн 10 жилийн ойд зориулав.
“ХАВДАР СУДЛАЛ” Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2023 он
Хавдар судлалын тулгамдсан асуудал 2023: Эрдэм шинжилгээний хурал
2023 оны 9-р сарын 14-15
Улаанбаатар хот
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн 15 жилийн ойд зориулав.
“ХАВДАР СУДЛАЛ” Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2022 он
Хавдар судлалын тулгамдсан асуудал 2022: Эрдэм шинжилгээний бага хурал
2022 оны 10-р сарын 13-14
Улаанбаатар хот
ХСҮТ – Толгой хүзүү – нөхөн сэргээх мэс заслын тасгийн 30 жилийн ойд зориулав.
“ХАВДАР СУДЛАЛ” Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2021 он
Хавдар судлалын шинжлэх ухааны хөгжил – 60 жил: Эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал
2021 оны 12-р сарын 14-16
Улаанбаатар хот
Хавдар судлалын алба үүсэн хөгжсөний 60 жилийн ойд зориулав.